ЭРТ БОСОХЫН АШИГ

Бизнесмэн хүн өглөө эрт босч бусдаас түрүүлж хөдлөх нь тал бүрийн ашигтай. Өглөө эрт боссон хүн өрвийсэн үстэй, хагас нойрмуу хүн хоёр уулзвал хэн нь илүү өөртөө итгэлтэй байж уулзалтыг удирдахыг бодоод үз дээ. Хэнд ашигтай шийдвэр гарах магадлалтайг бодоод үзээрэй. Бид ямар нэг зүйлийг хийхэд тогтолцоо болон эрх мэдэл дутсанаас үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүд заавал тулгарч байдаг. Хүмүүс ийм бэрхшээлтэй тулгараад хэцүү байна гэж шалтаглаж эхэлдэг. Ийм саад байгаагүй бол танаас өмнө
амьдарч байсан хүмүүс бүх зүйлийг хийчих учраас танд юу ч үлдэхгүй байх байлаа. Иймээс саад бэрхшээлд нэг талаасаа талархая.
компаний дүрэм

Төрийн алба хүнд сурталтай гэдэг саад бэрхшээл байдаг нь үнэн боловч өглөө эрт босч ажлын цагаас нь өмнө очоод хүлээж байгаад уулзахад ямар ч хүн олон юм ярьж хүнд суртал гаргаж чадалгүйгээр танд туслах болно. Энэ бол миний туршиж баталгаажуулсан арга. Та тэр хүнээс илүү эрт босдог, цаг барьдаг гэдгийг тухайн хүн мэдэж байгаа учраас илүү хүндэтгэлтэй ханддаг. Зарим нь ажлаасаа хоцордог учраас бүр юу ч ярихгүйгээр бичиг хийгээд өгдөг. Ингэж саад бэрхшээлийг өөрийн хариуцлагаар нөхөх боломж ямар ч зүйл дээр байж л байдаг. Түүнийг олж хэрэглэх л чухал.
Эсрэгээрээ ажлын цаг тарах гэж байхад алдаатай албан бичиг барьчихаад хийгээд өгөөч гэж гуйх нөхрийг сонсох төрийн албаныхан маш ховор шүү. Та ажлаа оройтож хийдэг, бас албан бичгээ буруу бичсэн бол шууд доошоо орох нь ойлгомжтой. Ажил маргааш хүртэл хойшлох болно. Энд бизнесмэн хүн мөнгө алдаж байдаг. Ажил оройтно гэдэг бол зарлага ихэсч байна гэж ойлгох хэрэгтэй.
Бизнес эхэлж байгаа хүнд бодох зүйл маш их байдаг. Гэтэл өдөр зав гардаггүй байж болно. Харин өглөө эрт хэн ч таныг утсаар дуудахгүй, уулзая гэж ярихгүй, ажил даалгахгүй учраас та өөрийнхөө нойрыг л ялж чаддаг бол өөрийн бизнесийн бэлтгэл дээр төвлөрөх хамгийн сайн цаг юм.
Эрт боссон хүн эрт унтаж, эрт унтсан хүн эрт босдог зуршил тогтож эхэлдэг. Би сүүлийн 10 жилийн 7 жил орчимд 5 цагаас өмнө боссон. Бас ийм зуршилтай олон хүнийг мэднэ. Эрүүл мэнд ажлын тал дээр эерэг нөлөө илүү их харагдаж байна. Хүмүүс ядардаг, хувь хүний онцлог гэх мэтээр халхавч хийж өөрийгөө зөвтгөдөг боловч зуршил л суулгавал боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ шалтаг нь өөрийгөө ядуу зүдүү, сэтгэл дундуур амьдрал руу түлхэхэд л маш том хувь нэмэр болно. Өөр ямар ч ач тус байхгүй.
Сэтгэлгээний доод давхаргад байдаг хүн үргэлж эхнэрээ, аав ээжийгээ, УИХ-ийг, том гүрнүүдийг буруутгаж ярьсаар амьдрал нь бахь байдгаараа явсаар дуусдаг нь нэн харамсалтай. Харин өгсөж яваа хүн бол өөрөө нөлөөлж чадахгүй зүйлсийг өөрийн бодлоос арчиж хаяад өөрөө хийж чадах, өөрийн дуртай зүйлсээ хийгээд хөгжөөд явдаг. Цаг хугацаа өнгөрөх бүрт энэ ялгааг дээшилж байгаа хүмүүс хардаг боловч доороо байгаа хүн огт анзааралгүй хуучнаараа амьдарсаар л байдаг. Ийм хүний амьдралд ямар ч өөрчлөлт гардаггүй. Хаана байгаагаа дүгнээд өөрчлөх шийдвэр гаргасан бол танд алга ташин баяр хүргэе. Та яг одоо өөртөө баяр хүргэж бас алга ташаарай. Яг одооноос юуг өөрчлөхөө тасралтгүй бод, өнөөдөр жижиг ч гэсэн нэг алхам хийгээрэй. Д.Батбаяр

No comments:

Post a Comment