ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ 3 ЗҮЙЛ

1. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ БА ХҮНИЙ НӨӨЦ
Үйлчилгээний соёл бол ажилтны хүмүүжлээс шууд хамааралтай. Ямар ч ажлыг хүнд зааж сургаж болдог. Харин хүний хандлагыг өөрчлөх бол тийм амархан ажил биш гэдэгтэй хүний нөөцийнхөн санал нэгддэг. Гэвч бид чадварыг нь харж ажилд аваад дараа нь халах хэрэгтэй болдог нь харамсалтай. Үүний оронд сайн хандлагатай хүн аваад зааж өгсөн бол сурчих хугацаа өнгөрсөн нь бүр харсамсалтай.
Та үйлчилгээний ажилтан авах гэж байгаа бол хувь хүний соёлыг нь заавал харж ажилд аваарай. Бас заавал шаардлагатай сургалтанд суулгаж төлөвшүүлээрэй. Үгүй бол танай брэндийн нэр хүндийг тухайн хүн доош нь татах болно. Нэр хүндийг олж авах хэцүү, алдах маш амархан. Үйлчилгээний соёлоос үүдэн байгууллагын нэр хүнд унах, үнэнч хэрэглэгчийн сан үүсэхгүй байх зэрэг асар том сул талууд бий болдогийг одоогийн бас ирээдүйн захирал та анхаараарай.
компаний дүрэм

2. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ БАГЛАА БООДОЛ
Боовыг нь идэхээс уутыг нь идэх биш гэж ярьдаг хүнтэй таарсан мин саяхан. Тэгвэл сав баглаа боодол маань тоос шороо болгохгүй байхаас өөр зорилгогүй болж таарч байна уу. Энэ бол асар том эндүүрэл бас хоцрогдол шүү дээ. Савлагаа нь бүтээгдэхүүний баталгаатай байдал, дотор байгаа бүтээгдэхүүний амт, чанар, дизайн гээд бүхий л зүйлийг агуулсан төлөөлөгчийн газартай л адилхан зүйл юм. Та жинхэнэ цэвэр зөгийн бал үйлдвэрлэдэг байлаа ч салатны шилэнд хийгээд л зарвал тэр зөгийн балны үнэ цэнэ шууд унах нь ойлгомжтой. Та 100 000 төгрөгний үнэтэй зарж чадах бараагаа 10 000 төгрөгөөр л зарах гэж зовох болно. Сав баглаа боодол бол амарханаар зүйрлэвэл хүний хувцастай адилхан. Та эхнэрийнхээ өмдийг өмсөөд ажилд орох ярилцлаганд явдаггүй биз дээ. Таны бүтээгдэхүүнд ч бас өөрийн гэсэн сав баглаа боодол хэрэгтэй.
3. ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ ЧАДВАР
Сайхан зүйлийг хийдэг хүн байдаг ч түүнийгээ олон хүнд мэдэгдэнэ гэдэг их төвөгтэй ажил. Мэдэгдэх гэдгийг хажуу айлын Балдан өвөө таныг магтахыг хэлэхгүй. Таныг огт танихгүй хүн ч таны хийсэн зүйлийг худалдаж авахаар тогтмол хэрэглэгчтэй болж түүнийг байнга нэмэгдүүлж байх системийг бий болгож чадсан бол та таниулан сурталчилж чаддаг нэгэн гэж өөрийгөө ойлгож болох юм. Энэ нь ямар ч аргаар байж болно. Зарим машин засдаг өвөө нар байдаг шүү дээ. Маш сайн засч тэр засуулсан хүнээс ам дамжин сонссон дараагийн хүн ирж засуулсаар оочер дугаар үүссэн байгааг хараад би их гайхсан. Машинаа засуулах хүн байнга дугаарлаастай. Хаяг ч байхгүй хэрнээ шүү. Гэвч сурталчилгаа хийгээд ч хүн ирж засуулдаггүй засварын газрууд маш олон байна. Тэр өвөө зөвхөн машин засах биш хүнийг татах үйлчилгээг бий болгож чаджээ. Үйлчлүүлэгч бүртээ дахин ирэх болон бусдад мэдээ түгээх сэтгэгдэлийг харилцаа болон үйлчилгээгээрээ төрүүлдэгт л хамаг учир байгаа юм. Та ч бас бизнесийнхээ онцлогт тулгуурлан өөрийн аргыг маш нарийн бодож олоорой. Үгүй бол та хаалгаа барих болно шүү.
Хэрвээ танай бүтээгдэхүүн хүнд хэрэгтэй гэж итгэл төгс байгаа бол дээрх 3 зүйлийг сайн бодож тооцоолсноор та заавал амжилтанд хүрэх болно. Гэвч эдгээр нь үйлчлүүлэгчээ төв болгосон байх ёстой гэдгийг та бүү мартаарай.
Хөгжлийн төлөөх 3 шалтгаан цуврал нийтлэлээс
 Нийтлэлч: Д.Батбаяр 

No comments:

Post a Comment