Аливаа зүйл дангаараа бол байдаг л зүйл. Харин хосолвол гайхалтай бүтээгдэхүүн болж байна.
Хөнгөн цагаан, хуванцар, зэс, тугалга, шил, төмөр, нь хиймэл оюун ухаан болох программтай хосолсноор apple-ийн гайхалтай хавтсан компьютер бүтсэн байгаа юм. Энд орсон түүхий эдийн үнийг тооцвол үнэхээр бага. Харин хоорондоо болон
оюун ухаантай хосолсноор өндөр үнэтэй болж байна.
Бидэнд нэг мод байлаа гээд тийм ч ашигтай биш. Мод нь цавуу, будаг, санаатай нийлж сайн багажаар боловсрогдож байж үнэ цэнэтэй болдог. Хүн ч гэсэн бяр чадал, өндөр нуруу л байлаа гээд тийм ч ашигтай, үнэтэй байж чадахгүй. Оюун ухаантай хосолж байж л үнэ цэнэтэй болдог. 100 сая доллараар үнэлэгддэг хөлбөмбөгчин зөвхөн хөлөндөө үнэ нь байгаа юм биш. Хөл болон хөлийг хөгжүүлсэн тууштай бэлтгэл хийх оюун ухаан, нэмээд тоглолтын үеийн оюун ухаан өндөртэй байж л ийм үнэд хүрч байгаа юм.
Бид үнэ цэнэтэй хүн больё гэвэл хосолсон чадварыг эзэмших хэрэгтэй. Бид сайн бизнес эрхэлье гэвэл холбож бодох чадвараа хөгжүүлж ашиглах хэрэгтэй болж байгаа юм. Дэлхийн бүх зүйл хөгжөөд дуусчихсан учраас бидэнд хийх зүйл алга гэж бодож байгаа хүмүүс бол үнэндээ шинээр сэтгэдэггүй болж байгаа гэж ойлго. Тийм хүн бол ажлын арга барил, уншдаг ном, сэтгүүл, найзалдаг хүмүүсээс эхлээд бүх зүйлдээ шинэчлэлт хийх хэрэгтэй цаг нь болжээ. Та өөрийгөө шинэчлэхгүй бол таны үе дуусах болно. Дэлхий дээр хийх зүйл хэтэрхий их байна. Дэлхий суут хүмүүсээр дутагдаж харин хуулбар хүмүүсээр дүүрсээр байна. Хуулбар хүмүүс бол нэгнийхээ санааг мэдээллийн хэрэгслээр дамжуулж өөрийн тархинд суулгасан мөртлөө би ингэж бодож байна гэж ярьдаг. Ийм хүмүүс нээлт хийж, шинэ бизнес эрхэлж чадахгүй. Зүгээр ажил хийсэн нь дээр. Монголд маш олон төвөгтэй зүйл байна гэдэг маань маш олон хийх зүйл байна гэдгийг харуулж байна.
Саяхан миний ажилладаг үйлдвэр бараа өргөгч машин худалдаж авсан юм. Хэд хэдэн компанийг судалсан бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлтэй газрыг хайж үзсэн юм. Компаниуд болон хувь хүмүүс бүгд л төлбөрийг нэг дор авах буюу баруун гараараа мөнгөө аваад зүүн гараараа түлхүүрээ өгнө гэсэн уламжлалт нөхцөлөө л санал болголоо. Харин Хятадын өргөгч зардаг нэгэн компани гэрээ хийгээд төлбөрийг 4 хувааж авах болон захиалсан өргөгч ирэх хүртэл өөрсдийн бэлэн байгаа хуучин өргөгчийг түр хэрэглэх нөхцөлийг тавьсан юм. Адилхан л ямар ч танил тал биш компаниудын нөхцөл ийм зөрүүтэй байсан. Та алийг нь сонгох вэ? Чанартай өргөгч байлаа гээд л зарж чаддаг юм биш, Хятадынх гээд зарагдахгүй гэсэн үг биш байгаа юм. Мэдээж 2 дахийг нь сонгоно биз дээ. Бид ч ийм сонголт хийсэн. Эдгээр нөхцөлүүд нь аль аль талд ашигтай нөхцөлийг бүрдүүлж байгааг та харж байгаа байх. Таны бизнест ч ингэж бүрдүүлэх ёстой зүйлүүд, санаа гаргаж өөрчлөх хэрэгтэй танай үйлчлүүлэгчид төвөгтэй зүйл байж л байгаа. Үүнийг шийдэхэд мөнгө орохгүй. Харин санаа хэрэгтэй, зөв шийдэл хэрэгтэй. Таны бизнест ч ийм сайн бүтээгдэхүүн ба төлбөрийн нөхцөл зэрэг 2-3 сайн зүйл холбогдож бүрдсэн байх хэрэгтэй.Ингэж чадвал та бүтээгдэхүүнээ борлуулж чадах болно.
Та яг одоо юу юуг бүрдүүлэх ёстойгоо бодож олоорой. Танд амжилт хүсье. Д.Батбаяр
No comments:
Post a Comment