КОМПАНИ БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦ. 2019.06.05-ИЙ БАЙДЛААР

Үүсгэн байгуулагч нь Хувь хүн бол иргэний үнэмлэх,
Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.
Дүрмээ burtgel.mn сайт дээр байгаа загварын дагуу шивж хийнэ. 2 хувь дүрэм хэрэгтэй.
Олон үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол ганц үүсгэн байгуулагчтай бол шийдвэр 1 хувь байна. Энэ 2 маягтыг мөн дээрх сайтаас татаж авна. Мөн олон үүсгэн байгуулагчтай бол хурлын протокол гаргах хэрэгтэй.

Компаний дүрэм

1. Нэрээ авах
Эхлээд нэрээ авна. Нэр давхардаж магадгүй учраас
5-6 нэр бодож очихыг зөвлөе. Нэрний мөнгө болох 500 төгрөгийг улсын бүртгэлийн газрын урд орших Голомт банкинд тушаана. Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэсэгт очиж нэрээ давхардаж байгаа эсэхийг тодруулна. Нэрээ сонгоод баталгаажуулалт хийлгэнэ. Компани бол галигаар нэр авч болно, ТББ бол зөвхөн Монгол үгээр нэр авна. Баталгаажуулалт хийлгэх үед танд нэр баталгаажуулсан хуудас өгнө. Компаний нэрээ сонгох талаар дэлгэрэнгүй уншихийг хүсвэл энд дарна уу
2. Түр данс нээлгэх
Сонгосон банкин дээрээ нэрний хуудас болон үүсгэн байгуулагч нь өөрийн биеэрээ бичиг баримттайгаа олон үүсгэн байгуулагчтай бол захирлаар ажиллахаар шийдвэрлэгдсэн хүн очно. Эсвэл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болно.
Нэг л нээлгэж байгаа юм чин долларын валютийн данс хэрэгтэй бол бас цугт нь нээлгээрэй. ГХО компани бол төгрөгийнхийг цугт нь нээлгээрэй. Үгүй бол дараа нь дахин цаг алдаж байж данс нээлгэнэ шүү. Нэгмөсөн хийсэн нь цаг хэмнэнэ. Таны дансны дугаарыг бичиж өгнө. Бас түр гэрээ гээд нэг хуудас цаас өгнө. Энэ нь банк бүрт ялгаатай. Энэ дансанд одоо мөнгө хийж болно. Харин авч болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани бол одоо мөнгөө оруулж ирэх хэрэгтэй ба ГХО Компани нь 100 000 америк доллараар хөрөнгө оруулах хуультай. Энэ хөрөнгө оруулалтыг оюуны өмчөөр, тоног төхөөрөмжөөр, бэлэн мөнгөөр хийх боломжтой.
Харин Монгол компанийн хувьд эхлээд дансаа нээлгэх үед хамгийн бага үлдэгдэл нь ХХБ бол 20 доллар, Голомт бол 50 доллар хийх хэрэгтэй. Төгрөг бол 20 000 төгрөг юм байна. Заавал 1 сая төгрөг хэрэггүй буюу хамгийн багадаа тухайн банкны дансны доод үлдэгдлийг хийхэд л болно. Дансанд мөнгө хийсэн баримтаа улсын бүртгэлд өгөх материалдаа хавсаргана. Банкны дансаа сайн тэмдэглэж авна.
3. Тэмдэгтийн хураамж
Банкин дээр нэгэнт очсоных тэмдэгтийн хураамжаа төлчих хэрэгтэй. ГХО Компани бол 750 000 төг, Монгол бол 44 000 төгрөг. Хас банкны болон голомт банкны дансанд төлдөг боловч дансыг мэдэж байгаа бол аль ч банкнаас төлөх боломжтой. Энэ баримтаа Улсын бүртгэлд өгөх материалдаа хавсаргана.
За одоо Улсын бүртгэлд өгөх материал маань бүрдлээ л гэсэн үг дээ.
4. Одоо юу юу таньд хэдэн хувь бэлэн байх ёстой вэ гэвэл:
1. Нэрийн баталгаажуулалтын хуудас. Үүнийг банкинд хураалгаж болохгүй шүү. Түр данс нээх үед Банкинд ямарч хэрэггүй мөртлөө хураах гээд байдаг юм.
2. Тэмдэгтийн хураамж төлсөн мөнгөний баримт /44000 төг/
3. ГХО Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах өргөдөл, Монголынх бол хуулийн этгээдийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гэсэн маягтыг 1 хувь гараар бөглөнө. Маягтыг дээрх сайтаас юм уу УБ-ийн газрын ресепшнээс авч болно. УБ 03 маягт.
4. Итгэмжлэлээр байгуулсан бол итгэмжлэлээ 2 хувь хувилуулна. Эх хувиа өөртөө авч хоцорвол сайн.
5. Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол компанийхаа гэрчилгээний хуулбар болон дүрэмийн хуулбар, толгой компаниас гаргасан тогтоол эсвэл шийдвэр.
7. Үүсгэн байгуулагч нь гадаадын хувь хүн бол гадаад паспортын хуулбар, монгол хүн бол иргэний үнэмлэхний хуулбар. тус бүр 1 хувь.
8. Үүсгэн байгуулах хурлын тогтоол юм уу, үүсгэн байгуулах шийдвэрийн аль нэг нь 1 хувь байх хэрэгтэй.
9. Гүйцэтгэх захирлыг шийдвэр юм уу хурлын тогтоол дотроо томилсныг нь багтаагаад хийгээрэй. Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний хуулбар.
10. Боловсруулсан дүрмээ 2 хувь хийнэ. Дээрх сайтаас татаж авсан загварыг бөглөнө.
11. ГХО Компани бол түрээсийн гэрээний хуулбар 1 хувь байх хэрэгтэй. ТББ болон Монгол компани бол үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар байж болно. Үүсгэн байгуулагч нь орон нутгийн харъяат бол мөн түрээсийн гэрээ хэрэгтэй.
3 зүйл анхаарах хэрэгтэй. Итгэмжлэлээр байгуулж байгаа бол тэрийг төлөөлж тэр гэж гарын үсгээ зурах хэрэгтэй. Дүрэм шийдвэрийн доор гарын үсэг зурахдаа гэсэн үг.
Дүрэм бас шийдвэр дээр мөнгөний хэмжээгээ бичихдээ дансанд хийсэн мөнгөнийхөө хэмжээг л бичнэ гэсэн үг.
Үйл ажиллагааны чиглэлийг бичихдээ хамаагүй бичиж болохгүй. Тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх бол бичиж болохгүй. Гэрчилгээн дээр шууд бичигдэх үйл ажиллагааны чиглэл гэж баталсан жагсаалт байдаг юм. www.burtgel.gov.mn-ээс харах боломжтой.
Бүх бичиг баримтаа нэг цэнхэр хавтсанд хийнэ. Архивын шаардлага хангасан хавтас гэж хэлдэг юм билээ. 2 нүх гаргаад хийчихдэг хавтас. Улсын бүртгэлийн газрын урд талын соёмбо тамга дотор 1500 төгрөг гээд зарж байгаа.
Энэ бүгдийг та бүрдүүлээд Улсын бүртгэлийн газарт өгнө. Гадаадын хөрөнгө оруулалттай бол Саяхан шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүрэг, ЗГ-ын II байрны ард, “Invest in Mongolia center”өгнө. Бичиг баримтын бүрдэл хангасан бол ажлын 2 хоногийн дараа 15 цагаас ирж гэрчилгээгээ аваарай гэж нэг хуудас өгнө. Бүртгэгч материалыг тань шалгах үед ойлгомжгүй болон буруу зүйл бага байвал утсаар ярьж лавлаад засаад ирээрэй гэж хэлдэг юм билээ. Харин дутуу юм уу, буруу бол дахин материал нэмж бүрдүүлж өгнө. Утсаа сайн чагнаж байх хэрэгтэй шүү.
За цаг нь болвол гэрчилгээ тань гараад ирнэ дээ. Улсын Бүртгэлийн гэрчилгээгээ болон өөрт тань үлдээж байгаа баталгаажсан нэг хувь дүрмээ аваад л улсын бүртгэлийн газраас гарна даа. Энэ 2 бичиг баримтыг маш сайн хадгалах хэрэгтэй. Тусгай шинэ хавтас худалдаж аваад хийгээрэй.
5. Дараа нь тамгаа захиалах хэрэгтэй.
Тамга Соёмбо тамгаас 30 минутын дотор гардаг. Бас авч явахад авсаархан хэлбэртэйгээр захиалж болно. Бага зэрэг илүү үнэтэй л болно. Хүрээнийх нь хээг болон тойрог юм уу дөрвөлжин гэдгээ, улаанаар уу хөхөөр дарагдах уу гэдгийг сонгож болно. Энгийн тамга 45000 төгрөг байна.
Тамгаа очиж авна. Тос ихтэй учраас зөөлөн дарах хэрэгтэй.
6. Одоо банк орж дансаа баталгаажуулна.
Компани анх байгуулах үедээ дансаа нээлгэх үед бол компаний аль нэг ажилтан ирээд нээлгэсэн ч болно. Энэ данснаас гүйлгээ гарах боломжгүй юм. Гэрчилгээ гарч тамга тэмдэгээ авсны дараа дансаа баталгаажуулах үед компани байгуулах шийдвэрээр томилогдсон хүн буюу гарын үсэг зурах эрх мэдэлтэй хүн тамгатайгаа ирээд гарын үсгээ баталгаажуулаад гэрээгээ байгуулдаг юм. Энэ үед 1-р гарын үсэг, 2 гарын үсэг гэж баталгаажуулдаг. Тэр үедээ зөвхөн нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийгдэх үү, 2 –уулаа хамт зурж байж гүйлгээ хийгдэх үү, аль нэг нь байхад л гүйлгээ хийж болохоор эрх мэдэлтэй байх уу гэдгийг шийдээд гэрээгээ хийдэг.
Ирэхдээ
1. Гэрчилгээгээний хуулбар
2. Дүрэмний хуулбар
3. Гарын үсэг болон тамгыг нотариатаар баталгаажуулсан байна. Түр гэрээ хийхдээ банкнаас загварыг авна. ХХБ бол A5 хэмжээтэй цаас байна. Банк бүр өөрийн гэсэн маягттай. Энэ маягтаа болон тухайн банк нотариатаар батлуулж ирээрэй гэсэн бичиг баримтуудыг батлуулна.
4. Компани олон гишүүнтэй тохиолдолд гарын үсэг зурах хүнд тухайн дансыг захиран зарцуулах гарын үсэг зурах эрх олгож байгаа тухай тогтоол /Гишүүд бүгд гарын үсэг зурсан байх/тамгаа дарж гарын үсэг зурж баталгаажуулсан байх.
5. Данс нээж өгнө үү гэсэн албан бичиг.
6. Иргэний үнэмлэх гишүүн бүрийнх, гадаад хүн бол гадаад пасспорт болон монголд оршин суух эрхийн үнэмлэх байна. Гүйцэтгэх захирлынх мөн хэрэгтэй.
7. Гэрээ банкнаас өгнө.
Гүйцэтгэх захирал томилж байгаа бол албан бичиг дээрээ гүйцэтгэх захирал нь байгууллагын мөнгийг захиран зарцуулах эрхийг олгож байгаа тухайгаа заавал тусгана.
7. Интернет банкны үйлчилгээгээ нээлгэхээ мартаж болохгүй.
Интернет банкны үйлчилгээг гэрээгээ хийх үедээ нээлгэж болно. Үүнийг нээлгэх юм бол интернетээр хэзээ ч гэсэн дансаа удирдаж гүйлгээ хийж болох юм. Энэ нь янз бүрийн хязгаартай байдаг юм байна. Өдөрт 10 000 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийх эрхтэй, 500 000 000 төгрөгний гүйлгээ хийх өндөр хэмжээтэй гүйлгээний эрх ч бас авч болно.
ХХБ бол интернет банк нээлгэх үед нууцлалын төхөөрөмж нь Нэг бүр нь 50 000 төгрөгийн үнэтэй. Жилийн хураамж нь 10 000 төгрөг юм байна.  Компани банктай харилцах тухай уншихийг хүсвэл энд дарна уу
Та компани байгуулсан бол заавал Харьяалагдах дүүргийнхээ Татварын хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтэст ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлээгүй тохиолдолд өндөр торгуультай. Та Компанийг татвар болон санхүүд бүртгүүлэх тухай уншихийг хүсвэл энд дарна уу 
8. Цалин олгож эхэлсэн бол компанийг дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст заавал бүртгүүлээрэй. Компанийг нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй уншихийг хүсвэл энд дарна уу
За захирал танд амжилт хүсье. Энэ заавар бол Монгол дахь хамгийн дэлгэрэнгүй шинэ заавар бөгөөд завгүй эсвэл зааврыг ойлгоход төвөгтэй, илүү нарийн зүйл асуух хүсэлтэй бол бидэнтэй холбогдон зөвлөгөө авч олон дахин явахаас сэргийлэн өөрийн алтан цаг хугацааг хэмнээрэй.
Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн баруун талд Их Монгол төв, 3 давхар, Стартап Терминал. Зөвлөх Д.Батбаяр.

2 comments: